Байдаг гэдгээ үргэлж мэдрүүлэх нь

Модон Хүн
3 min readFeb 17, 2022

--

Шимон Пэрэс “Томоор мөрөөд”

Израилын ерөнхий сайд, ерөнхийлөгч асан Шимон Пэрэс-ийн “Томоор мөрөөд” намтар номыг уншив.

Түүний нөр их хөдөлмөр, тууштай байдал, шударга зан, хичээнгүй зүтгэл Израил гэх улсыг байгуулахад үнэлж баршгүй тус болжээ.

Ном зургаан бүлэг, төгсгөл хэсэг, 237 нүүрээс бүрдэнэ. Товчхон, ойлгомжтой, улс төр, түүх, намтрын талаар унших сонирхолтой хүмүүст гарцаагүй таалагдана.

Номын хамгийн таалагдсан хэсэг бол Бүлэг-2, “Тусгаар тогтнол, холбоотон, аюулгүй байдлын төлөөх тэмцэл” хэсгийн Шимонд итгэл хүлээлгэж буй Бэн-Гүрионы сэтгэгдэл. Бэн-Гүрион бол синионистуудын бүлгийн удирдагч, жүүдийн улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэгч, Израилын анхны ерөнхий сайд юм.

Бэн-Гүрион Шимоныг олж харж, цаашид жүүдийн хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэл хүлээлгэсэн. Тиймээс ч Америкт боловсрол эзэмшүүлж, албан тушаал дэвшихэд дэмжиж иржээ. Шимон ч тэр насан өөд болох хүртлээ зүтгэж чадсан. Төгсгөлийн хэсэгт, Шимон 2016 онд дэлхийн олон бизнес эрхлэгчдийг цуглуулж, Израилд технологийн хөрөнгө оруулалт хийх уриалсан уулзалтыг зохион байгуулж, тэр уулзалтаас хойш ердөө хагас сарын дараа нас баржээ. Түүний үйл хэрэг 2018 онд биеллээ олж Израилын Инновацийн төв нээлтээ хийжээ.

Номоос ойлгох хэд хэдэн зүйл байна. Мэдээж сурах бичиг биш, намтар ном учраас ямар нэг дүгнэлт байхгүй. Гэхдээ өгүүлж байгаа зүйл нь жүүдүүдийн үнэ цэн, нэгдмэл байдал, хойч үедээ юуг ойлгуулж, сургах вэ гэдгийг ойлгомжтой өгүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл бусад улс үндэстэн, тэр дундаа монголчууд бидэнд хандаагүй. Бидний хөгжих гарц тэс өөр.

Яагаад тэс өөр вэ гэхээр, жүүдүүд тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хууль бусаар зэвсэг зөөхийн тулд далайг ашиглаж байсан. Мөн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд атомын цахилгаан станц барих ажилд Францыг түшсэн. Энэ үйл явцтай зэрэгцээд цөмийн пуужинтай болоход бас л далайг ашиглаж уран тээвэрлэж байжээ.

Зарим хүмүүс ярьдаг. Франц, Ареватай хамтраад атомын цахилгаан станц барьж, цаашид цөмийн зэвсэгтэй болох талаар. Магадгүй Израилын түүхийг уншсан хүмүүс иймэрхүү зүйлс ярьдаг байх. Гэтэл Израил газар зүйн хувьд төдийгүй, Францтай холбоотой шүү дээ. Франц гэлтгүй Европын орнууд, Америкт жүүдүүд нийгмийн анги давхаргад байр суурь эзэлж ирсэн түүхтэй. Харин Монголтой Франц төдийгүй Европын улсуудтай ямар холбоотой вэ? Түүх үзвэл ерөнхийдөө л дайсагнасан байсан шүү дээ. Орчин үед гэхэд Франц Монгол Улсыг зөвхөн 1961 онд НҮБ-д элсэхэд л тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч элчин сайдын яамаа байгуулсан байдаг. Өмнө нь Ялтын гэрээгээр зөвшөөрсөн ч гэсэн үл тоож байсан байгаа юм.

Номд гарч байгаачлан Францын удирдлагууд Шимоныг шууд л утсаар залгаад уулзалт хийх цагийг товлох, эсвэл Шимон өөрөө шууд Францад очиж уулзалт хийх зэргээр ижил түвшинд харилцаж ирсэн. Харин Монгол Улсаас хэн ингэж харилцаж чадах вэ? Францын хэн гэдэг сайд, төрийн томоохон албан тушаалтан Монголтой харилцаагаа өргөжүүлэх өөрөө гараа сунгах вэ?

Номд, Франц зэвсгээ зарахын тулд Израилтай холбоо тогтоосон тухай гардаг. Бидний хувьд бизнесийн ийм үйл ажиллагаагаар Францтай холбоо тогтоож болно. Гэхдээ энэ нь зөвхөн уран гэсэн байгалийн баялгийг зөөж гаргах хүрээнд л хязгаарлагдана. Саяхан Европын Холбооны хоёр гол улс болох Франц, Герман ЕХ-ны комиссын хуралдаанд цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч болгоход санал нэгдсэн. Үүнтэй зэрэгцээд манайд уран олборлох асуудал яригдаад авсан. Магадгүй цаагуураа яриа хэлэлцээр хийгдэж байж болох юм. Харамсалтай нь Израил шиг АЦСтанц барих асуудал биш, Оюутолгойн уурхай шиг зөөж гаргах асуудлаар ярьж байгаа болов уу.

Эцэст нь, Израил байгуулагдсан даруйдаа л эрчим хүчний асуудлыг АЦС-аар шийдэхээр шулуудаж, дайны дараах Герман мэргэжилтнүүдийг хөлсөлж, цаашид улам боловсронгуй болгохын тулд 1989 онд задарч эхэлсэн Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтнүүдийг ажиллуулж эхэлжээ. Томоор мөрөөд гэдэг нь ийм.

Дэлхийд болж томоохон үйл явдлыг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлж, шийдвэртэй алхмуудыг яриа хэлэлцээр төдийхнөөр хязгаарлахгүй бодит ажил хэрэг болгосон. Ингэж амжилттай байсан шалтгаан нь Европын, Америкийн түүхэнд тэдний ул мөр тасраагүй байсантай холбоотой. Таслахгүй байх алхмыг Шимон Пэрэс нас барсан хэдий ч номуудаараа дамжуулан европ, америкчуудаар хязгаарлагдахгүй монголчуудад хүртэл орчуулагдан хүргэж байна. Энэ харилцааг ухаж ойлгож байж л Монгол Улс, монгол үндэстэн, монгол хүн хөгжих боломжтой гэж мухарласаар байгаа билээ.

--

--

No responses yet