Ирэх сарын дундуур ХБНГУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ирэх нь. Ингээд гурван сарын дотор Европын Холбооны хамгийн том гэж хэлж болохуйц газар нутагтай, эдийн засагтай, хүн амтай гурван улсын албан тушаалтнууд Монгол Улсад айлчилсан болох юм. Үүнийг хоёр хөрш зүгээр хараад суухгүй. Ирэх намраас тэд манайд томоохон айлчлал хийх бололтой. “Бүс ба Зам”-ын Норинко орж ирсэн. Тэгэхээр Хятад цаашид дэд бүтцийн өөр төсөл томоохон хэрэгжүүлэх үү. Орос, Газпром…
Германы хувьд атомын цахилгаан станцаа зогсоож сэргээгдэх эрчим хүч гэсэн тэдний хувьд шинэ сорилттой нүүр тулахаар шийдсэн. Тиймээс ГХЭ, чухал ашигт малтмал гэсэн Польш, Францын адил хэлэлцээр хийх төлөвтэй.
Харин манайд ГХЭ-тэй хамт гардаг цацрагтай элементүүдээс болж Цөмийн энергийн хуулиар олборлолт гацах байсныг зохицуулахаар болсон. Ингэснээр Халзан Бүрэгтэй төсөл улам нааштай болж байна.
Герман Оросын цөмийн түлшний эсрэг Францтай ижил бодолтой байгаа. Иймээс ураны асуудал ч хөндөгдөнө.
Энд анхаарал татаж байгаа нэг асуудал бол яагаад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай давхцаад Барууны орнуудын айлчлал болоод байна вэ. Энэ зүгээр ч нэг хэрэг биш. Дэлхий даяараа ашигт малтмал, нөөцийн хуваарилалт явагдаж байгаа. Энэ боломжийг ашиглаж Монгол Улс ордуудаа төрөлжүүлэх хэрэгтэй. Үгүй бол бялуугаа хүртчихсэн гүрнүүд хэдэн арван жилдээ таг суучхаж мэдэх юм.
Гэхдээ Ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг Үндсэн хуультай зэрэгцүүлж үзмээр харагдаад байгаа. Учир нь Канад ирэх оны нэгдүгээр сараас эхлэн албадан хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хууль Британийн хаан баталбал хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ импортын бараа бүтээгдэхүүн ийм төрлийн хөдөлмөр шингэсэн нь батлагдвал тухайн компанид торгууль тавина. Энэ нь Өмнөд Ази, Төв, Өмнөд Африкийн орнуудад голчлон хамаарна. Тэр дундаа Хятадад. Өнгөрсөн сарын сүүлээр Канадын Ерөнхий сайд манайд үйлдвэрлэсэн лити Хятадаас илүү үнэтэй байна. Учир нь бид боолын хөдөлмөр ашигладаггүй гэж хэлсэн.
Мөн Канадад бүртгэлтэй ямар ч байгууллага тухайн хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийг явуулж болохгүй, энэ талаар мэдсэн тохиолдолд мэдээлэх үүрэгтэй. Ямар компаниуд үүнд хамаарагдах вэ гэхээр Олборлох салбарын ил тод байдлын хуулийн гурван шаардлагатай адилхан шаардлагад нийцсэн байвал. Өөрөөр хэлбэл Канадад бүртгэлтэй дотоод, гадаадын компаниуд, импортын бараа бүтээгдэхүүн буюу гадаадын компаниудад хууль үйлчилнэ. Энэ нь наагуураа ёс зүйгээр халхавчилсан бусад оронд тавих хориг гэж хэлж болох юм. Гэхдээ Канад өөрийн уул уурхайгаа ашиглахын тулд дор хаяж хоёр хуультай холбогдож байна. Канад, АНУ, Австрали, Шинэ Зеланд гэсэн орнууд бол тухайн газар орны газрын гадарга дээрх, доорх баялгийг ашиглах зорилготой очсон европчууд. Харин бидний хувьд газрын баялгаа ийм философитой ухах нь утгагүй хэрэг. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд заасан баялгийн тухай ойлголтуудыг заавал Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар нэг хэлбэрээр тусгаж өгөх хэрэгтэй санагдана. Үүнийг хуульч, философичид хиймээр байна.
Канад найтаахад Монгол ханиад хүрээд удаж байгаа. Канадад хэрэгжих шинэ хууль, түүний сурталчилгаа Оюу толгой, Канад, Австралийн элчингээр дамжин орж ирнэ. Ингэхдээ гол утга болох уул уурхайн салбараас тэс хөндлөн хаа хамаагүй зүйл рүү үсччихгүй байгаасай. Үүнийг олон нийт, ялангуяа залуус ойлгох шаардлагатай байна.